초록·
키워드
오류제보하기
Тийн ялгал гэдэг бол үгүүлбэрийн доторх нэг үг өөр үгтэйгээ хэрхэн холбогдохыг тусгай залгавар буюу дохиогоор илрүүлэх ёс юм.
Уламжлалт хэлшинжлэлд үгийн хувиллыг тийн ялгал гэдэг хэмээн тайлбарладаг.
Монгол хэлэнд тийн ялгал, англи хэлэнд case хэмээн нэрлэгддэг энэхүү ойлголт нь латин хэлний casus гэсэн үгээс үүдэлтэй бөгөөд энэ нь Прото-Энэтхэг- Европ язгуурын cadere(англиар to fall) буюу унах гэсэн үгтэй гарал нэг ажээ. Өөрөөр хэлбэл нэрлэхийн тийн ялгал бол үгийн үндсэн утгыг хадгалдаг, тиймээс нэрлэхийн тийн ялгалд байгаа нэр үг үгийн үндэс байдаг, харин бусад тийн ялгал нэрлэхийн тийн ялгалаас салаалж унадаг гэсэн санаанаас үүдэлтэй ажээ.
Монгол хэл шинжлэлд тийн ялгалын талаар судалгаа арвин бөгөөд ялангуяа хэл шинжлэлч Ш. Лувсанвандан, М.Базаррагчаа нарын эрдэмтэд тийн ялгалын олон утга, салаа утгын талаарх судалгааг хийсэн байдаг.
Орчин үеийн монгол хэлшинжлэлд тийн ялгалыг зөвхөн хувилгах үүрэгтэй бус тийн ялгалын нөхцөлөөр хэлбэржсэн нэр үг нь холбогдож байгаа үгтэйгээ хэрхэн, яаж холбогдож байгаагаас нь шалтгаалж ямар ямар, өөр өөр олон утгазүйн орон, харьцаа үүсгэж байгааг нь анхаарч судлах нь чухал байна.
Тиймээс бид энэхүү өгүүлэлдээ монгол хэлний нэрийн гарахын тийн ялгал хийгээд түүний үндсэн утга санаанаас гадна үүсэж байгаа өөр бусад зарим утгыг нарийвчлан илрүүлж, улмаар түүгээр хэлбэржсэн нэр+үйл гэсэн бүтэцтэй холбоо үгийн утга, бүтцийн онцлогийг ажиглаж тайлбарлахыг оролдсон бөгөөд ингэхдээ гарахын тийн ялгалын тэдгээр утга нь нэр+үйл гэсэн харьцаагаар холбоо үгийг үүсгэхдээ ямар тохиолдол, нөхцөлд хэрхэн, ямар өөр өөр утгазүйн харьцааг үүсгэж байна гэдгийг тайлбарлахыг зорилоо. Мөн тэдгээр утга нь англи хэлнээ хэрэглэхэд, орчуулахад хэрхэн бууж, дүйж байгааг харьцуулахыг оролдсон юм.
Үнэндээ тийн ялгал, түүний утгын тухай асуудал нь хэл шинжлэлийн мэргэжлийн хүмүүст танил асуудал, олон судлаачид энэ талаар судалгаа хийсэн. Гэвч одоо ч энэ талаар ээдрээтэй асуудал олон, ялангуяа тийн ялгалаар хэлбэржсэн холбоо үгийн бүтэц, түүний зүй тогтол, махбодь, тэр болгоны утга үүрэг төгс болоогүй, судлагдаагүй болно. Бидний дээр дурдсан эрдэмтэн Ш.Лувсанвандан, Чой Лувсанжав, М.Базаррагчаа нарын эрдэмтэд тийн ялгалын утга, үүргийг судалсан.
Тийн ялгал өнгөн талаасаа нэрийн үндсэнд залгавар залгадаг.
Гэхдээ тухайн нэр үгэнд тухайн залгавар бүтээврийг залгахад нэр үгийн харьцаа хамаарлаас шалтгаалж, холбоо үг үүсэж байгаа хэрэг биш. Мөн нэр үг зөвхөн хувилж байгаа хэрэг ч биш. Тиймээс энэ асуудлын шалтгааныг илүү нарийн судлахын тулд холбоо үгийн бүтэц, утгад нарийн шинжилгээ хийх хэрэгтэйг энэ өгүүлэлд онцлон тайлбарлах оролдлого хийлээ. Цаашлаад нэр үгэнд нэрийн тийн ялгалын нөхцөл залгаж улмаар үйл үг залгахад үүсэж байгаа нэр+үйлийн холбоо үгийн бүтэц, утгын хэв шинжийг тодорхойлох явдал их чухал байна. Нэр үг-үндсэн утгаараа, үйл үндсэн утгаараа гэсэн бүтэцтэй холбоо үгээс гадна Нэр үг- үндсэн утгаараа, үйл үг-шилжсэн утгаараа гэсэн бүтэцтэй холбоо үг, Нэр үг-шилжсэн утгаараа,үйл үг- үндсэн утгаараа, нэр үг- шилжсэн утгаараа, үйл үг- шилжсэн утгаараа гэсэн бүтэцтэй холбоо үгсийн утга, бүтэц, хэв шинж, зүй тогтлыг тодорхойлох, тайлбарлах, түүнд тайлал хийх чухал байна. Монгол хэлний тухайд гэвэл үүнийг бүрэн дүүрэн гаргах явдал чухал. Үүнээс гадна эдгээрийг гадаад хэлээр орчуулах, дүйлгэх асуудал бас чухал байна. Монгол хэлний тийн ялгалын нөхцөл нэр, үйлийн холбоо үгийн утгыг өөр хэлний ямар үзэгдэл, ойлголтоор тайлбарлаж байна гэдгийг анхааран судалвал хэрэгтэй.
Цаашлаад өөрийн хэлний болон өөр бусад хэлний тохицол утгыг олох хэрэгтэйг өгүүлэлд онцолсон.
Дүгнэн тэмдэглэхэд, иймэрхүү төрлийн судалгаа өнөө цагт хэрэглээний талаасаа чухал ач тустай зүйл гэж бид ойлгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрөлх англи хэлтэй хүн монгол хэлийг сурах, төрөлх монгол хэлтэй хүн англи хэлийг сурах, сургах, заах аргыг оновчлох, мөн англи хэлийг суралцагсдад зориулсан сурах бичиг, гарын авлага, толь бичиг зохиож боловсруулах аргазүйг боловсронгуй болгох, үүний үр дүнд монгол хүн TOEFL, IELTS, IBT зэрэг англи хэлний шалгалтанд бэлдэхэд, шалгалт өгөхөд тус дөхөмтэй болох, англи хэлтэй хүн монгол хэлний мэдлэг чадвараа хөгжүүлэхэд, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулахад нэгдсэн аргазүйтэй болоход гол хэрэглэгдэхүүн нь болно хэмээн ойлгож байгаа юм.